1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-ны өдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багт 02.12-ны өдрийн 08:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Иргэн М-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд 1 цаг 50 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 10:16 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан баг дахь “Фокус” хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:26 цагт очиход иргэн Ө-гийн 12х20 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 2х4 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг 53 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багт 02.16-ны өдрийн 19:14 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Иргэн С-ийн 5 ханатай гэр шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид гарч 0.5 км замыг туулан 23:58 цагт очиход иргэн Б-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 59 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын “Ар хөндлөн”-гийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 23:20 цагт очиход иргэн Д-гийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын “Өвөр хөндлөн”-гийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 00:05 цагт очиход иргэн Ц-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 00:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 48 км замыг туулан 00:54 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 02.16-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:42 цагт очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР