Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24, 25-ны өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

 – Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнж хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 31 дүгээр байрны 2 дугаар орц гал гарч байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход тус байрны 2 дугаар орцны доод давхарт оршин суугч иргэн Г-ын эд, хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.    

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 1 тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Этернал таур” хотхон Шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус барилгын доод давхарт 2.5х10 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.            

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-Овооны автобусны буудал суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top