1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:03 цагт очиход “Их газрын жигүүр ХХК”-ийн 40 тонн чингэлэг дотор эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:34 цагт очиход иргэн Г-гийн 2х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Орхон сумын Арбулаг 1 дүгээр багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км /-т суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 4 хүн 22 км замыг туулан 13:15 цагт очиход иргэн Ч-гийн эзэмшлийн “Сонато” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 13:26 цагт очиход иргэн А-гийн 5х8 метрийн хэмжээтэй мод хатаалгын цех дотор 4 м3 хэмжээтэй хураалттай мод шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:26 цагт очиход иргэн У-гийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Худгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км /-т 02.22-ноос 02.23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 02.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнжжд 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсан. Тус гал түймэрт иргэн Б /34 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т, Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ 02.24-ний өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР