Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.

Өнөөдөр: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг гэр шатаж байна дуудлагыг 02.28-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход “Топ Хайрхан” ХХК-ийн Хүдэр баяжуулах үйлдвэрийн хашаанд 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Шардовт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн П-ын 5 ханатай гэр, 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн А-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 6 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км, сумын төвд/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын хураалттай 1 тонн өвс шатаж байсныг 2 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 23:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Т-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажилагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Дэлгэрэх баг /аймгийн төвд/ Иргэн Г 02.23-ны өдрийн 16:00 цагийн орчим аймгийн “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг 02.26-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт ар гэрийн хүсэлтээр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top