Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн зүүн хагаст, 3-р сарын 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-р сарын 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Бэрх” хорооллын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн П-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, эд хогшил шатаж байсныг 01:21 цаг ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Жанхай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120км, Хатгал тосгоноос хойд зүгт 20 км-т/ “Ар царам” амралтын газрын хашаанд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, тавилгын хамт шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Хээнэхэний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан очиход иргэн М-ын 20х20 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа шатаж байсныг 01:09 цаг ажиллан галыг бүрэн унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчны 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан очиход иргэн Э-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил, 10 метр орчим хашаа тус тус шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажилагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх баг /аймгийн төвд/ Иргэн Г 02.23-ны өдрийн 16:00 цагийн орчим аймгийн “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг 02.26-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 02.26-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.   

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Буман-Өлзий хорооллын хойд талд автомашин далан руу унах гээд байна гэсэн дуудлагыг 18:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн Д-ийн Мазда CX-5 загварын суудлын автомашин далан руу унах гэж байсныг 10 минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top