Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

 Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 3 дугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28, 3 дугаа сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 3 дугаа сарын 2-нд Алтайн салбар уулсаар 10-12 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 2-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Мандах багийн “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 45 км зам туулан очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны 20х26 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг 3 цаг 7 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 08:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан иргэн Г-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Хандгайт”-ын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан очиход иргэн Д-ын 10×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 67 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн С-ийн 5×2 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Б-ийн 18×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Баянбүрд”-ийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 23:46 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход Д-ийн хөрөө рамны 6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажилагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх баг /аймгийн төвд/ Иргэн Г 02.23-ны өдрийн 16:00 цагийн орчим аймгийн “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г/51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг 02.25-ны өдрийн 10:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Арвайхээр сумын Алтан тал багийн Морины шүтээн, Бажийн даваа, Хээр-Адуу гэдэг газруудад 30 км-ын тойрогт, 2 дугаар бүлэг Зүлэгт багийн Баруун гол, Бурхи рашаан гэдэг газруудад 20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 02.26-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.  

Цас шаварт суусан: Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуун мод багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20:05 цагт очиход “Манзушир” амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20:10 цагт татан гаргасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top