Ойн түймэр озоны давхаргын сэргэлтийг удаашруулж магадгүй

621da73f62b7e.png

Дэлхий дулаарч, ойн түймэр гарах нь ихэсэж байгаа нь озоны давхаргын сэргэлтийг удаашруулж магадгүй болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.

Тодруулбал, хоёр жилийн өмнө Австралид дэгдсэн ойн түймрийн утаа дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргад нөлөөлснийг хиймэл дагуулын ажиглалтын мэдээлэл харуулсан байна. Судалгаанаас харахад түймэр хүчтэй байсан учраас утаа нь агаар мандалд орж, улмаар озоны давхарга цоороход хүргэх олон тооны химийн урвал үүсгэжээ.

Судлаачид зөвхөн 2020 оны гуравдугаар сарын озоны нийт алдагдлыг нэг хувьтай байсан хэмээн тооцоолсон байна. Тэдний хэлснээр, энэ нь озоны давхаргыг цоороход нөлөөлдөг химийн бодисуудыг хориглох чиглэлд сүүлийн хэдэн арван жилд гаргасан ахиц дэвшлийг үгүй хийж болзошгүй аж.

Озоны давхарга 10 жил тутамд ойролцоогоор нэг хувиар нөхөгдөж байгаа бол ойн түймрийн утаа энэ үйл явцыг үлэмж хэмжээгээр удаашруулах төлөвтэй байна гэж судалгааны багийг ахалсан АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор Сьюзан Соломон ярьжээ.

“Дэлхий дахины хлорфторт нүүрстөрөгчийг (озоныг задалдаг химийн бодис) багасгахын төлөөх нөр их хүч хөдөлмөр нь ой хээрийн түймэр их гардаг бүс нутагт үр дүнгээ өгөхгүй байна. Иймд бид дэлхийн дулааралд нөлөөлж буй хийнүүдийг бууруулахаас гадна ойн түймрээс сэргийлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй” гэж тэрбээр “BBC” телевизэд мэдээлсэн байна. 

scroll to top