“Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

01.jpg

Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр болон Онцгой байдлын сургуулийн түүхт 10 жилийн ойг тохиолдуулан ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд 8 байгууллагын 16 илтгэл буюу УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт”, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд хурандаа П.Чимэдцэрэн “Гамшгаас хамгаалах бодлогын шинэчлэл”, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, цаашдын чиг хандлага”, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Мөнхсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил”, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлт-байгалийн гаралтай аюулт үзэгдэл”, НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга, Б.Баярмаа “Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн химийн бодисын хордлогын тохиолдолд хийсэн эрсдэлийн үнэлгээний тойм судалгааны дүн”, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Дотоод орчны агаарын чанар-нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогыг судалсан дүнгээс”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэр “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулсан хоол тэжээлийн цочмог дутлын илрүүлгийн дүнгээс” сэдвээр,

Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Эрдэнэ-Очир “Нүүдлийн шувуу ба өндөр хоруу чанартай шувууны томуу”, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш Ч.Ууганбаяр “Бэлчээр, тариалангийн хөнөөлт мэрэгчдийн тархалтад нөлөөлөгч хүчин зүйлс”, ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, докторант П.Оюунбат “Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол, экологийн эрсдэлийн үнэлгээ”, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Болдбаяр “Модис хиймэл дагуулын мэдээг ой, хээрийн түймрийн судалгаанд ашиглах нь /Хил орчмын нутгийн жишээн дээр/” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд хэлэлцүүлсэн илтгэл болоод бусад илтгэл, өгүүллийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.

Дашрамд дурдахад Онцгой байдлын сургуульд  баклавр, магистр, доктор, эчнээ гэсэн сургалтын хөтөлбөрт нийт 330 орчим сонсогч  суралцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top