ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацын төвөөс “Инновац-2022” уралдааныг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Нэг. Уралдааны зорилго
Аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ боломж, шинэ хэрэглээг санал болгох, дэвшилтэд арга, шийдэл нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ
Уралдаанд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацын төслийн гүйцэтгэгч /цаашид оролцогч гэх/ дангаар болон багаар оролцож болно.
Гурав. Төсөлд тавигдах шаардлага
- 3.1. Удирдамжид заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
- 3.1.1. “Инновацын төсөл”- шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг;
- 3.1.2. “Инновацы бүтээл”- дээр дурдсан инновацын төслийг хэрэгжүүлсний үр дүнд бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга шийдэл;
- 3.2. Төсөл нь бүтээгдэхүүний, үйлчилгээний, маркетингийн, зохион байгуулалтын инновац болон эдгээр төрлийг хамарсан цогц инновацын төсөл байж болно.
Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна.
а/ Аюулгүй байдлыг хангах, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн;
б/ Шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэсэн;
в/ Эдийн засгийн үр ашигтай;
г/ Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд тулгуурласан;
д/ Төсөл боловсруулах техникийн шалгуурыг хангасан (Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан ерөнхий шаардлагыг баримтлах);
е/ Үйлдвэрлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх бодит боломжтой, тооцоо судалгааг гаргасан байх;
Дөрөв. Уралдааны зохион байгуулалт
4.1.Оролцогч төслийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацын төвийн rdi@uia.gov.mn цахим хаягаар болон бичгээр ирүүлнэ.
- 4.2. Ирүүлсэн төсөлд үнэлгээ өгөх 5-аас доошгүй бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг Их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж томилно.
- 4.3. Төслийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна.
- 4.3.1. Нэгдүгээр шатны шалгаруулалт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.
а/ ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацын төвөөс уралдаанд ирүүлсэн нийт төслийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар танилцуулж, үнэлгээний хуудасны хамт томилогдсон шинжээчдийн багт хүлээлгэж өгнө.
б/ Шинжээчдийн багийн гишүүн тус бүр төслийг ажпын 5 хоногийн дотор судлан, удирдамжийн 2 дугаар хавсралтад заасан шалгуур, үзүүлэлт тус бүрээр 1 -3 хүртэл оноо өгч үнэлнэ.
в/ Шинжээчдийн багийн гишүүд төслийн талаар тодруулах, зохион бүтээсэн загварыг биет байдлаар үзэх шаардлагатай бол оролцогчийг биеэр ирүүлэх болон төслийг сайжруулах чиглэлээр шүүмж, зөвлөгөө өгч болно.
г/ Шинжээчдийн багийн өгсөн онооны нийлбэрийг үндэслэн өндөр үнэлгээ авсан эхний 8 төслийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна. Оноо тэнцсэн тохиолдолд 8-аас дээш төсөл оруулж болно.
4.3.2. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна.
а/ Хоёрдугаар шатанд шалгарсан төслийн үр дүнд бий болсон бүтээлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
б/ Уралдаанд оролцогчид хоёрдугаар шатанд шалгарсан төсөл, бүтээлийн талаар Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдэд танилцуулна.
в/ Хэлэлцүүлгийн үеэр туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд гүйцэтгэсэн бүтээл, загварыг биет байдлаар танилцуулж болно.
г/ Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүд бүтээлүүдтэй танилцан илээр санал хурааж, эхний 3 бүтээлийг шалгаруулж, нийтэд мэдээлнэ.
д/ Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүд шилдэг бүтээлийг шалгаруулахдаа энэхүү удирдамжийн 3.2-т заасан шаардлагыг хангасан байдлыг харгалзаж үзэхээс гадна бүтээлийн чанар, хэрэгцээ, шаардлага хангасан байдалд үнэлгээ өгнө.
Тав. Шагнал, урамшуулал
5.1 Нэгдүгээр байр, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг;
5.2 Хоёрдугаар байр, Өргөмжлөл, 800.000 төгрөг;
5.3 Гуравдугаар байр, Өргөмжлөл, 500.000 төгрөг;
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ