1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, говийн бүс нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 4-5-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч, 5-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход 12х12 метрийн хэмжээтэй барилгын дээвэр, хана шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Сагил сумын Боршоо 2 дугаар баг “Боохойн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллан унтраасан. Тус гал түймэрт 120 толгой бог мал өртсөн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Буянт-Ухаа” гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далайн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төв/-д Дөргөн нуурын мөсөн дээр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 03.02-ны өдрийн 08:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид 100 км замыг туулан тус сумаас “Далайн нуур” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/-ийн “Бонго Пронтэр” загварын ачааны автомашин нуурын мөсөнд цөмөрч, живсэн байсныг 02:38 цаг ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР