Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацд суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч тэргүүлэгч хүрээлэн болгох зорилгоор Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болголоо.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцсан юм.
Засгийн газрын 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор анх байгуулагдаж байсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 448 судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг туурвиж, нийтийн хүртээл болгоод байна.
Хүрээлэн нь Хими, цацрагийн лаборатори, Галын лабораторитай бөгөөд жилд дунджаар 200 гаруй дээжид шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, гарал, үүслийг нь тодорхойлдог. Мөн дэргэдээ “Байгалийн эрдэст багсармал тэжээл” гарааны компанийг байгуулан, байгалийн цеолитоор баяжуулсан эрдэст тэжээлийг үйлдвэрлэж байна. Үр, үржүүлгийн хүрээнд 300 орчим тонн үр үржүүлж, улсын нөөцөд тушааж, “сондор, Алтайский-75” сортыг нутагшуулж батламж авсан нь улсын хэмжээнд сүүлийн 30-аад жилд хийгдээгүй томоохон туршилт судалгаа гэдгээрээ онцлог юм гэдгийг хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан танилцуулгадаа онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.