Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран” уулын задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход 2.5 га орчим өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны керамикийн задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход 3.5 га орчим өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл”-ийн архивын хашаанд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход “Монгол кино нэгтгэл”-ийн архивын хашаан дотор 0.3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз баг хүүхдийн цэцэрлэгийн хашаанд Нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 400 м замыг туулан очиход “Баян-Уул” цэцэрлэгийн хашаанд галлагааны өрөөнд 4 тн нүүрс шатаж байсныг 9 минут ажиллаж унтраан тус цэцэрлэгийн жижүүрт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны 2 дугаар орц Хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 00:01 цагт очиход тус байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход баригдаж байгаа 8 давхар барилгын 6, 7, 8 дугаар давхарын хамгаалалтын дулаалгын хучлага шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Замд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т Эзэнгүй 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 03.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Онон багийн Засаг даргаар ахлуулсан иргэд малчин О-ийн 5 ханатай гэр 03.02-оос 03.03-нд шилжих шөнө бүрэн шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Д-ийн 2х3, 1х1 метрийн хэмжээтэй амбаар, 5 метр хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгор багийн Шандын-Ар гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т 03.03-ны өдрийн 20:00 цагийн үед малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газраас 22:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажилласан. Гал түймэрт тус сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн “Арын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т, түймрийн солбицол: 46г 39м 31.5с N 115г 59м 56.9с E хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд ажиллаж мөн өдрийн 15:40 цагт бүрэн унтраасан. Түймрийн урт 1.4 км, өргөн 600 м, нийт 84 га талбай шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт далайгаар 5 км/-т Хот хоорондын автобус хойд 2 дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд 2 дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргасан. /Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top