Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-ний өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 8-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 9-ний өдөр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус байрны хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, иргэн Ж-ын 4 ханатай гэр, 8 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 18 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байрны 2 дугаар орц Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 19:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Үүдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Баянтүмэн, Матад сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт цурамд оруулж, 17:50 цагт унтраасан./Урьдчилсан байдлаар түймэрт 10000 орчим га талбай шатсан/ 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.04-ний өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу “Цагаан хад” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч Д /35 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныгцогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top