1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 11, 12-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаанхуарангийн 86А байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 7 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход 2х4 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар баг Хэрлэн сургуулийн дотуур байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 05:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид очиход тус сумын бүрэн дунд сургуулийн 10х25 метрийн хэмжээтэй дотуур байр шатаж байсныг 26 минут ажиллаж гал түймрийн тархалтыг зогсоосон бүрэн унтраасан. Гал түймрийн голомтоос 3 том хүн, 30 хүүхдийг гаргасан. Гал түймэрт Төв аймаг Мөнгөнморьт сум Булаг багийн иргэн Д/65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн18 дугаар хороо, “Билгүүн Монгол” ХХК-ийн баригдаж байгаа барилга гал гарч байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход “Билгүүн Монгол” ХХК-ийн баригдаж байгаа 8 давхар барилгын 7 дугаар давхрын баруун талын хамгаалалтын тор, хучлага шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цайз руу өгсөх замд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход “Эрдэм транс” ХХК-ийн “Хюньдай Сүпер 540” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъянжүгийн 47-1 тоотод “Ижий Монгол” ХХК-ийн хашаанд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэг, зэргэлдээх 20 тонны чингэлэг дотор даавууны хаягдал тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Улиастайн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт Нуурт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, З-ийн 5 ханатай гэр, улсын дугаар тодорхойгүй “Ландкруйзер-100” загварын суудлын автомашин, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Ц-ийн хашаанд 0.3 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхантын 10 дугаар гудамжинд хураалттай өвс байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан иргэн Ж-ын хашаанд хураалттай 0.6 тн /30 боодол/ ногоон тэжээл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 3х6 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Д-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар дотор аргал шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Булган багийн Б хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн П-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 02:28 цагт ангийн байрлалаас гарч 12 км замыг туулан очиход иргэн А-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Хэрлэнгийн” 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 04:00 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 500 метр замыг туулан очиход иргэн С-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил шатаж байсныг 1 цаг 32 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/, түймрийн солбицол: Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан иргэд 20 км замыг туулан түймрийн голомтод очиж ажиллан, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 15 га ойн талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Дарьхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 45 км/ түймрийн солбицол: Ө-48°42’89.3”, У-113°36’41.0”/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны хамгаалагчаар ахлуулсан ажилтнууд орон нутгийн иргэд 00:04 цагт түймрийг бүрэн унтраасан. Түймрийн урт 2.5 км, өргөн 200 метр. Түймэрт нийт хээрийн 50 га талбай өртөж шатсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 357 км-т, сумын төвөөс баруун урагш зүгт 39 км-т, Ө-51°18’36.0”, У-100°12’36.0”/ 03.07-ны өдрийн 07:56 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:04 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн “Тайлт” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвөөс урд 58 км, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 233 км/-т Автомашины эд ангид 2 хүн хавчуулагдаж нас барсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 03.07-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын Хино загварын ачааны автомашин, иргэн Т-ын “Киа” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Т /64 настай, эрэгтэй/, С /67 настай,эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг цогцсыг гарган Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР