Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтууг байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 13, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн “Хэрэгсүүрийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 193 км, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ 03.09-ний өдрийн 02:00 цагт малын хашаа шатсан тухай мэдээллийг 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Ж-ийн 4х4 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Номт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 277 км, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ 03.09-ний өдрийн 07:00 цагт малын хашаа шатсан тухай мэдээллийг 14:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин А-ын 15х20 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Задгай”-д Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход “Дархан” их дэлгүүрийн хогийн цэгт хог шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 32, 33 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д /100 айл/ 12 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 15:51 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн М-ийн тагт дээр эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан бөгөөд иргэн Б /83 настай эрэгтэй/, Д /80 настай эмэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Нефт”-ийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн М-ын 6х7 метрийн хэмжээтэй цайны газрын барилгын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Бумбат” хорооллын 8 дугаар гудамжинд суудлын автомашин, хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 17:36 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн Б-ийн Пит загварын суудлын автомашин, 16 м3 банз тус тус шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:50 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Дундын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 02:29 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд барилгын материал ачин зорчиж явсан иргэн М-ын “ZZ4257” загварын зүтгүүрийн дугуй шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон. 03.10-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top