АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгаар хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, талын нутгаар, 13-15-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:11 цагт очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:23 цагт очиход иргэн С-ын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Говь-Алтай аймаг, Халиун сум. Сүүж баг “Шанд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төв /-т 6 ханатай гэр 03.10-ны өдрийн 14:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 14:10 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 14:00 цагт очиход иргэн Г-ын 6 ханатай гэр бүрэн шатсан байсан тухай мэдээллийг 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:02 цагт очиход 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, Монелийн 49 дүгээр гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 15:59 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:07 цагт очиход иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:32 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:39 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Шүрт” хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон. 03.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.

Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ малчин Г, /гэр бүлийн маргаантай/ 03.10-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлгөөн үйлдэн 00:05 цагт очиж, малчин Г/28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top