Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 16 багийн 190 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги тэргүүлж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Нийслэлийн аврах анги-105-ын баг тамирчид удааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.