1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан, Мандал сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум, Улаанбаатар хотод шороон шуурга шуурсан. Дорнод аймгийн Баян-Уул сум, Хөвсгөл аймгийн Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан сум, Төв аймагт тус тус цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 14, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн наадмын талбайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.8 км замыг туулан 12:46 цагт очиход наадмын талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн “Баян-Өндөр Мед” эмнэлгийн дэргэд Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:08 цагт очиход 1 га өнжмөл шар өвс шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн “Хятадын булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 107 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км/-т 4 ханатай гэр 03.11-ний өдрийн 00:30 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 03.11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд малчин П-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цахиурт 2 дугаар багийн “Галуут” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/ малын саравч шатсан тухай мэдээллийг 03.11-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, орон нутгийн иргэд очиж малчин Г-гийн 10х8 метрийн хэмжээтэй малын саравч, 5 ханатай гэрийн шал, 4 тн өвс шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 11:24 цагт очиход иргэн Ө-гийн 4 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, иргэн У-гийн 7 тн /300 боодол/ хураалттай өвс, 10 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн “Нартын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 173 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т өвөлжөө шатсан тухай мэдээллийг 03.11-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс, орон нутгийн иргэд 11:35 цагт очиход малчин Х-гийн 50х30 метрийн хэмжээтэй өвөлжөөний бууц шатаж байсныг 1 цагт 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:00 цагт очиход иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багийн “Чойбалсан” хороололд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:54 цагт очиход иргэн Ц-гийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Устын аманд өвөлжөөнд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 23 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Б-гийн 10х12 метрийн хэмжээтэй өвөлжөөнд бууц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:38 цагт очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энхжин” хотхоны урд түймэр гарч байна дуудлагыг 03.11-ний өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:28 цагт очиж Богдхан-Уулын Зайсангийн амны зүүн хойд энгэрт хээрийн гал түймэр гарч байсныг 57 минут ажиллаж 20:25 цагт бүрэн унтрааж Богдхан-Уулын Дархан цаазат газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Нэмэлт дуудлагаар: Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 20:01 цагт очиж 24 минут ажилласан. Түймэрт нийт 3 га хээрийн талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 137 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 20:46 цагт түймрийн голомтод очиж 21:18 цагт цурамд оруулж мөн өдрийн 21:42 цагт бүрэн унтрааж “Тулга-Энх” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 40 га тариалангийн талбай өртөж шатсан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 03.11-ний өдрийн 09:50 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Эг”-ийн голд 130 метрт 3 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Эг”-ийн голын 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 03.12-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ малчин Г 03.10-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 03.11-ний өдрийн 00:05 цагаас эхлэн малчин Г /28 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий”, Өгөөмөр багийн “Майхант” гэдэг газраас “Бэлхийн баруун-Ам” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулж мөн өдрийн 07:55 цагт Лүн сумын Төв багийн “Хөх давааны задгай” гэдэг газраас иргэн Ц-гийнд байхад нь эсэн мэнд олсон.
Бусад төрлийн осол: Увс аймгийн Тэс сумын Нуур 1 дүгээр багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т ачааны автомашин /дотроо 3 зорчигчтой/ “Увс” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03.12-ны өдрийн 03:30 цагт очиход Увс аймгийн Улаангом сумаас Тэс сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашин “Увс” нуурын мөс цөмөрч суусан байсан. Автомашиныг татан гаргах ажиллагааг мөн өдрийн 08:00 цагаас эхлүүлсэн. /Зорчигчид нь өөрсдөө гарсан/
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгоны Цагааннууранд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км, сумын төвөөс баруун зүгт 35 км, Цагааннуур тосгоноос урд зүгт 3 км/-т суудлын автомашин /дотроо 4 зорчигчтой/ Цагааннуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 75 км замыг туулан 00:40 цагт очиход Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Ногооннуур сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-гийн “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин Цагааннуурын мөс цөмөрч суусан байсныг 3 цаг 40 минут ажиллаж татан гаргасан. /Зорчигчид нь өөрсдөө гарсан/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР