1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Төв, Увс аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 14, 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ өвөлжөө шатсан тухай мэдээллийг 03.12-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Г-гийн 20х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хүннү-2222” хороололд шинээр баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 21:57 цагт очиход “Хүннү-2222” хороололд шинээр баригдаж байгаа 223 дугаар блокын 12 дугаар давхарт хатаалганы хучлага шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:00 цагт очиход иргэн Н-ийн 1х1 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Түнэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн хүмүүс иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 03.12-ны өдрийн 09:00 цагаас “Эг”-ийн голын орчимд 5 км-ийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 14:26 цагт зогсоосон.
Голын мөсөнд цөмөрсөн: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т ачааны автомашин “Увс” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03.12-ны өдрийн 03:30 цагт очиход Увс аймгийн Улаангом сумаас Тэс сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашин “Увс” нуурын мөсөнд цөмөрч суусан байсан тул ажиллагааг 08:00 цагт эхлүүлж, мөн өдрийн 15:40 цагт татан гаргасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Охиндийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 35 км замыг туулан 00:14 цагт очиход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Шаамар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Фиелдер” загварын суудлын автомашины урд хэсэг “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг 16 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР