Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 7-13 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, Их нууруудын хотгор, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио баг, 2 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын хураалттай 1 /тн/  хураалттай өвс, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 33 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн “Аглаг бүтээл”-ийн хийд явах замд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн мэдээллийг 03.14-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Хово” загварын ачааны автомашины 4 дугуй шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн “Завьж“гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т айлын гэр, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 45 км замыг туулан очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 5 ханатай гэр, 2х3 метрийн амбаар, өвөлжөө, бууц шатаж байсныг 12 цаг унтрааж ажилласан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

  Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 354 км, сумын төвөөс баруун урд зүгт 36 км/ -т 03.14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 4 замын уулзварт ачааны автомашин онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Т-ийн “Норд Бенз” загварын ачааны автомашин онхолдож,  жолооч Т /27 настай, эрэгтэй/-ын зүүн хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 01:09 цаг ажиллан эсэн мэнд гарган, аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар  Иргэн А, малд явж байгаад 03.13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.14-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоосон. 03.15-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Цас шаварт суусан: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Харганат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 410 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/-т Булган голын мөсөн дээр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 03.14-ний 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход тус сумаас “Хэвийн-Ам” гэдэг газрын чиглэлд зорчин явсан иргэн Н /32 настай, эрэгтэй/-ын “Тоёота Хариер” загварын суудлын автомашин “Булган” голын мөсөнд цөмөрч, суусан байсныг 45 минут ажиллан татан гаргасан.

5. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 03.14-ний өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Өвгөн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г, Ж нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:17 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин А-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top