1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Баянхонгор, Өмнөговь аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт “Оюуны-Ирээдүй” бага сургуулийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход “Оюуны-Ирээдүй” бага сургуулийн хашаанд 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 1 дүгээр буудлын дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Хяргас сумын Алдар багийн Найрамдал хороололд /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км/-т Иргэн Л-ийн байшин 03.15-ны өдрийн 13:50 цагийн үед шатсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн Л-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14:27 цагт очиход иргэн Ч-ын “Донфен” загварын ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг худалдааны төв дотор барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Ж-ийн 7х10 метрийн хэмжээтэй лангуун дотор хураалттай 300 боодол ханын цаас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Н-ын 7х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 10 метр хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А, малд явж байгаад 03.13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.14-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 03.15-ны өдрийн 10:45 цагаас иргэн А /31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа”, “Хоёр модны-Ам”, “Цэргийн-Ам”, “Хар хушуу”, “Гүнжийн-Ам”, “Могойт дэнж” гэдэг газруудаар 25 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 1404 дүгээр байр 9 дүгээр давхарт өөрийгөө удирдах чадваргүй аутизм өвчтэй хүүхэд цоожлогдсон хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан очиход иргэн Н /8 настай, эмэгтэй, аутизм өвчтэй/ цоожлогдсон байсныг 40 минут ажиллаж хаалгыг онгойлгон ээж О, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Гучин” 2 дугаар баг Задгай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т 03.14-ний өдрийн 16:30 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Ч-ын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Ч-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Гучин” 2 дугаар баг “Зэсэнгийн мухар”, Задгай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т 03.14-ний өдрийн 16:30 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Т-ийн 4 ханатай гэр 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 03.15-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Т-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР