Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Завхан, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход “Хөтөл тэлмэн” ХХК-ийн 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

 Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Н-ын гэрт цахилгаан тогоо шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхоны хашаанд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход 108 дугаар байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д Хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:57 цагт очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны “Задгай”-д /176 дугаар цэцэрлэгийн урд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Х-ийн “Кровн” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Л 03.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон. 03.18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top