Хос тангарагтан Б.Дөл-Эрдэнэ: Ихэр бид хоёр ах нарынхаа мэргэжилд дурлаж хоёулаа гал сөнөөгч болсон

-тангарагтан-Б.Дөл-Эрдэнэ-Ихэр-бид-хоёр-ах-нарынхаа-мэргэжилд-дурлаж-хоёул-гал-сөнөөгч-болсон.jpg

Өнөөдөр орчин цагийн зэвсэгт хүчний байгууллага үүссэний 101 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр бид Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дээр хүрэлцэн ирж, хоёрдугаар салаан захирагч Б.Дөл-Эрдэнэтэй ярилцлаа.

“Хаалга татахуйд шатсан модны үнэрт хамар цоргих нь үүдэнд өлгөсөн байлдааны хувцасных аж. Энэ хувцасанд шингэсэн утааны үнэр, дагтаршсан тортог нь тэдний өмнөөс ярих шиг…”

-Өнөөдөр Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Танд баярын мэнд хүргэе. Таны хувьд өнөөдөр ямар өдөр вэ?

-Баярлалаа та бүхэнд. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсээд 101 жил болсон байна. Гуравдугаар сарын 18-ныг Монгол цэргийн өдөр гэж ярьдаг ч гэсэн, аврагчид тангараг өргөсөн мөрдөстэй албан хаагч учраас ялгаагүй бүгд тэмдэглэдэг. Бид онцгой байдлын тангараг, цэргийн тангараг давхар өргөдөг. Тийм ч учраас хос тангарагтай гэлцдэг. Жил бүр энэ өдөр салаа хамт олондоо мэндчилгээ дэвшүүлж, ахмад ажилтан багш нартаа мэнд хүргэдэг маань бараг уламжлал болжээ. Харин орой гэрийхэн маань баярын ширээнд угтдаг даа.

– Онцгой байдлын алба хаагч гэдэг хэн бүхний хийх ажил биш байх. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

– Мэргэжил маань гэр бүлийнхэнтэй минь нягт холбоотой. Миний том ах, дунд ах нар маань онцгой байдлын алба хаагчид байсан. Ихэр бид хоёр ах нарыгаа дагаж өссөн учир ажил, мэргэжилд нь дурлаж хоюул онцгой байдлын алба хаагч болсон. Бид хоёр өөр өөр аврах ангид ажилладаг байсан болохоор ажил мэргэжлээрээ өрсөлдөнөө бас. Нэг гэрийн дөрвөн хүү нэг албанд зүтгэдэг учир ээж аав маань ч бахархдаг. Миний хувьд энэ мэргэжлээрээ ажиллаад 12 жил болсон байна. Гэр бүлийхэн маань ар гэрийн амьдралд санаа зовохгүй ажиллах боломжоор хангаж өгдөгт маш их баярладаг.

“Б.Дөл-Эрдэнийнх Төв аймагт байдаг гэнэ. Тэрбээр өдөр бүр 45 км-ийн цаанаас ажилдаа ирдэг”

– Одоо хаврын улирал эхэлж байна. Хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр их гардаг шүү дээ. Ер нь зөвхөн хавар намар гэлтгүй жилийн дөрвөн улиралд ажлын ачаалал хэр их байдаг вэ?

– Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа, цахилгаан хэрэгслийн буруу ашиглалтаас болоод гал алдах тохиолдол их гардаг. Хавар, намрын улиралд хуурайшилтын бүсэд ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй байдаг. Албандаа дурлаж ажлаа хийдэг учраас хэцүү гэж ер санагдаж байгаагүй ээ. Заримдаа шантрах үе гаралгүй л яахав. Харин тэр үедээ хойш суухгүй байх нь чухал.

“Гуравдугаар сарын 12-оос хойш энэ ангид галын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй, тайван байна”

– Энэ сард гэхэд ойрхон хэд хэдэн том хэмжээний гал гарсныг бид сонслоо. Улирлын энэ өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага их ирдэг шүү дээ. Бас машин явах боломжгүй хэсэгт очоод явганаар замаа туулаад очно гэдэг хэн бүрийн хийгээд байх амар зүйл биш байх.

– Аврах ангийн гал унтраах багаж, зэвсэг үргэлж бэлэн байдалд байдаг. Хэрэв машин явах боломжгүй үед зөөврийн үүргэвчтэй багажаа авч үүрээд, усаа зөөгөөд уул өөд алхаад очдог.

– Дуудлага мэдээлэл авснаас хойш хэдий хугацаанд зорьсон газраа хүрэх ёстой байдаг вэ?

– Бид гал түймрийн мэдээлэл аваад түгшүүрийн дохио дуугарснаас хойш нэг минутын дотор анги байгууллагаас гарсан байх ёстой. Туулах замын нэг километрийг нэг минут гэж тооцдог. Харин хотын хүн амын нягтшил, замын түгжрэлээс шалтгаалаад замдаа саатах тохиолдол их бий. Иргэд маань нэг үеэ бодвол маш эелдэг, бидний ажлыг ойлгож, хүндэлдэг болсон шүү. Хурдан зам тавиад өгнө.

-Дуудлага авснаас хойш нэг минутад амжиж гарахын тулд байлдааны хувцасыг ямар хугацаанд өмсөнө гэсэн үг вэ? Хамгаалалтын хувцасаа танилцуулаач?

– Хөдөлмөр хамгааллын хувцас буюу байлдааны хувцас ч гэж ярьдаг. Үүнийг 22 секундэд өмсөх дүрэмтэй, хувцасаа ном журмын дагуу бүрэн бүтэн өмсөөд гарах ёстой. Гал сөнөөгчийн хувцас Цельсийн 250 градуст тэсвэртэй материалаар хийдэг. Бүрэн хувцас маань нийлээд 10 орчим кг хүрэх байх. Усны гутал гэхэд хоёр кг орчим жинтэй, комбинзон, хамгаалалтын каск тус тусдаа мөн хоёр орчим кг жинтэй. Нэгдүгээр зэрэглэлийн аврах ангийн хувцасыг зургаан сар тутамд шинэчилдэг. Энэ хувцас маань өнгөрсөн 2021 онд хангалтаар ирээд, одоо шинэчилэх дөхөж байгаа юм.

– Гал унтраах бүрэлдэхүүн хэчнээн хүнтэй явдаг вэ? Танилцуулвал…

– Жолооч, ангийн захирагч, гал сөнөөгчид нийлээд найман хүний бүний бүрэлдэхүүнтэй явдаг. Үндсэн машин болон туслах гэсэн хоёр машинаар явдаг. Үндсэн машинд гал унтраах ус, хөөс, багаж хэрэгсэл нийлээд дөрвөн тонн бодис агуулна. Харин туслах машинд найман тонн ус, хөөс гээд нийлээд 12 тонн болдог.

– Таны хувьд өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэчнээн хүний амь аварсан байна?

– Өнгөрсөн онд ОБЕГ-ын “Нийслэлийн шилдэг салаан захирагч” хэмээх шагнал хүртсэн. Байгууллага маань намайг 256 иргэний амь насыг гал түймрийн аюулаас аварч, ААН-ийн гурван тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалсан гэсэн үзүүлэлт гаргасан.

“Гал сөнөөх дундаж усны хоолойн жин 7-8 кг бөгөөд урт нь 20 метр, нэг хоолой 40 литр усны багтаамжтай”

-2020 онд Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраах ажилд гар бие оролцсон гэж байсан. Тухайн үед ямар нөхцөл байдалд ажилласан талаараа хуваалцаач?

– 2020 оны Зургаадугаар сарын 07-ны өдрийн 16:12 цагт Улсын их дэлгүүрийн зургаан давхарт утаа гарлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн өдөр манай салаа үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага аваад очиход утаа өтгөн, ширүүн байсан учир нийслэлийн бусад гал унтраах ангиас нэмэлт хүч татан авсан. Их дэлгүүрийн давхар бүрийн хонгил агаарын солилцоо сайн явуулдаг учраас гал өрдөж, шатах үйл явц хурдан болж байсан. Миний хувьд зургаан давхарт гарч байсан галыг тархан дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилласан. Ингээд нийт найман ангийн албан хаагчид шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж галыг бүрэн унтраасан.

– Олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг буянтай ажил шүү. Өнөөдөр баярын өдөр бидний урилгыг хүлээн авч уулзсан та бүхэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

– Баярлалаа та бүхэнд ч бас ажлын амжилт хүсэе. Нийт ахмад цэргийн ажилчид, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ажилчид, бэлтгэл ахлагч, офицерууд болон нийт эрчүүддээ Монгол цэргийн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж:24tsag.mn

scroll to top