Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход 1х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр баг “Монголын оюун ухааны академи” сургалтын төвийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 замыг туулан очиход иргэн Ш-ийн 4х10 метрийн хэмжээтэй “Монголын оюун ухааны академи” сургалтын төвийн ариун цэврийн өрөөнд гал гарч байсныг 26 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, зүүн жанжины 14 дүгээр гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Б утсаар 02:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн У-ын 23 метр хэмжээтэй хураалттай мод, 5х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн Байшин хороолололд байшин шатсан тухай мэдээллийг 03.19-ний 08:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Б-ийн 18х21 метрийн хэмжээтэй “Номин” гэр ахуйн барааны дэлгүүр, тус хорооллын Д-ийн 7х6 метрийн хэмжээтэй “Ач Буян” хүнсний дэлгүүр тус тус шатаж байсныг 3 цаг ажиллаж 03.19-ний өдрийн 08:00 цагт унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 03 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 10:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Д-н 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ц-ын 8х8 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 5 ханатай гэр 1 ширхэг, 6 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, 3х4 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Дөрвөлж” хорооллын 13 дугаар гудамжинд иргэн Т-ийн эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2022.03.20-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Т-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд талд автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна дуудлагыг 03.19-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход /Ч3- Зүүн салаа, 21-р хороолол/ чиглэлийн нийтийн тээврийн автобус, “Хьюндай старекс” загварын автомашинтай мөргөлдөж иргэн Г /60 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 43 минут ажиллаж цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top