“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн ЭША, доктор, дэд хурандаа Ч.Мэндэлмааг урьлаа.Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гадаад, дотоодод 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 гаруй судалгааны ажил, төсөлт 6 судалгааны ажил, 20 гаруй ном, гарын авлага, улсын нөөцийн салбаруудын гамшгийн эрсдэлийн үнэлгээний 8 тайланг хамтран болон дангаар боловсруулжээ. Мөн Онцгой байдлын албанаас төрсөн дөрөв дэх эмэгтэй доктор юм.
-Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Хөх өнгөтэй. Энэ өнгө нь тогтвортой, найдвартай байдлыг илэрхийлсэн оюун ухаан давамгайлсан тэнцвэртэй байдлын илэрхийлэл гэж ойлгодог.
–Мэргэжлийг нь эзэмшээгүй ч хийж үзэх юмсан гэж боддог мэргэжил юу вэ. Яагаад?
Би багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Хийж байгаа ажил маань хувь хүн тал руугаа чиглэж, өөртэйгөө ярьж, зөвлөлдөж хийдэг гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед иргэд олон нийтэд судалгаа, шинжилгээний ажил болоод албаа сурталчлан таниулах нь чухал юм байна гэдгийг ойлгож, багшлах ажил хийх хүсэлтэй болж байна.
–Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Мөрөөдлийн өнгө өөрчлөгдөөгүй. Гамшиг судлалын шинжлэх ухааны хөгжилд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьсон зорилго маань биелэлээ олж байгаад талархалтай байдаг шүү.
–Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байх хугацаандаа хүн өөрөө суралцаад хөгжөөд өөрт байгаа давуу болон сул талаа мэдээд засч залруулан туршлага хуримтлуулан явдаг. Тиймээс боломж л гэж хардаг.
-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Хоёулаа. Томоохон ажлын ард гараад магтаалын үг сонсоход цаашид хийж бүтээх урам зориг бадардаг. Харин шүүмжлэлийг зөвөөр хүлээж аваад өөрийгөө шүүн дүгнэж, засч сайжруулах чиглэлд анхаарахыг хичээдэг. Магтаал, шүүмжлэл хоёулаа байснаар хүнийг сэтгэлзүйн дархлаатай болгодог гэж боддог.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Хүний дотоод сэтгэлд. Өөрөөр хэлбэл сэтгэл ханамжтай холбоотой болов уу. Тийм болохоор аз жаргал бидэнд маш ойрхон түүнийг дотоод сэтгэл, хандлагааасаа л бий болгоно гэж ойлгодог.
-Таны бахархал?
Бусдын төлөө гэсэн буянт үйлстэй Онцгой байдлын албанд эрдэм судалгааны ажил хийж, номын цагаан буяныг дэлгэрүүлж байгаагаараа бахархаж явдаг.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Сайн ээж гэж тодорхойлж болно. Ээж гэдэг хүн өөрөө өрх гэрийн манлайлагч түүчээ нь байдаг. Хүүхдүүд ээжийн тусгал болж байдаг учраас өөрөө үлгэрлэгч байхыг хичээдэг.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин