Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дархан-Уул, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх голын саваар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   27, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход “Степуйлдерне” ХХК-ийн хашаанд 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Хөгжил” хорооллын 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход “Онхоодой-Өндөр” ХХК-ийн 20х60 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:19 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д Орон сууцны байрны үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход 107 дугаар байрны үүдний амбаарт хог шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 02:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход цоожтой гэр, хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top