Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал:  01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар  6-11 м/с, 03, 04-нд тал, хээрийн нутгаар14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 01-нээс ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут баг, Үзүүр толгой хороолол 7 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 0.3 км замыг туулан очиход иргэн Г-ын 1.5 /тн/ өвс шатаж байсныг 01:23 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар гудамжны 265 тоот Нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход эзэнгүй айлын хашаанд 1х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөөний хана, тааз, эд хогшил шатаж байсныг 37 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо” баг 3 дугаар байрны 7 тоот /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвд/ Айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус сумын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 0.5 км замыг туулан очиход иргэн Д-ийн орон сууцны 2х3 метрийн хэмжээтэй 1 өрөөнд эд хогшил шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн “Давааны нарийн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 255 км, сумын төвөөс хойд зүгт 15 км/-т айлын өвөлжөө 15:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 18:14 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очиход иргэн О-ийн өвөлжөөний хашаа шатаж байсныг 03:30 цаг ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 11 дүгээр гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 17:33 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн өвөлжөө шатаж байсныг 42 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын эцэс Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 74-р ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн У-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин, 5х9 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 162 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т, У-47020’47’’, Ө-102048’34’’Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 12 га талбай шатсан.   

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 64 км/-т 03.30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол орон сууцны 9 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн унасан тухай дуудлагыг 12:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах, ангийн алба хаагчдыг очиход тус байрны иргэн Э /70 настай, эрэгтэй/ нь цонхноос 1 дүгээр давхрын орцны хаалганы давцан дээр унаж нас барсан байсан цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цахирын хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 1 хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан очиход малчин З /33 настай, эрэгтэй /нь 12 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаднаас буух боломжгүй болсон байсныг 01:00 цаг ажиллан тухайн иргэнийг 12 бог малын хамт эсэн мэнд хаднаас буулгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top