Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 25 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход гудамжинд 180х30 метрийн хэмжээтэй жалганд хог, өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 17х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Жинчингийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн С-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Зүүн Алтан Өлгий 9 гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн С-ийн хашаанд 0.7 га өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Улиастайн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн П-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top