Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10 ,11-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрДархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 13:16 цагт очиж 46 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:41 цагт очиход иргэн С-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин, хашааны банз шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 14:03 цагт очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 14:34 цагт очиход иргэн С-ийн 15×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4×6 метрийн хэмжээтэй гарж шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 14:55 цагт очиход иргэн Ж-гийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15:47 цагт очиход иргэн Э-гийн 20х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Задгай” /Татах хүч сервис ХХК-ийн зүүн талд/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:03 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:40 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 00:00 цагт очиход цоожтой 4×6 метрийн байшин шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:47 цагт, хүч нэмэгдүүлэн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:53 цагт очиход иргэн Х, Б нарын 12х40 метрийн хэмжээтэй хуучин /бранк/ барилга шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.   

Ой, хээрийн түймэрНийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 16:00 цагт очиход 30 га талбайн шар өвс шатсаны улмаас “Богд хан” уулын мод руу тархан ойн түймэр гарч байсан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Нийслэлийн Аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид “Богд хан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд,  “Пажеро” клуб, “Хаски” мото клубын гишүүд, сайн дурын хүмүүс 7 цаг ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн “Эрдэнэтолгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т, Ө-49°36’36.0″, У-97°32’24.0″/ 04.06-ны өдрийн 16:17 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:23 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас, шаварт суусанӨвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Тээлийн гол” гэдэг газар /аймгаас баруун хойд зүгт 110 км, сумаас баруун хойд зүгт 27 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 27 км зам туулан 03:23 цагт очиход Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Арвайхээр сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-гийн “Ландкрузер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top