1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймгийн нутгаар бороо орж, Баянхонгор аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 градус, говь, талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 11-13-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Устай булаг” гэдэг газар хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 19:45 цагт очиход 100×150 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Үйлдвэрийн район” гэдэг газар өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:03 цагт очиход иргэн Б-гийн “Дархан таван нуур” ХХК-ийн хашаанд өнжмөл шар өвс, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн нутагт нүүрсний уурхайд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:00 цагт очиж “Найнги” ХХК-ийн ажилтнууд нүүрсний уурхайн 710 дугаар мөргөцөгт 10 метр өндөр, 400 метр урттай нүүрс шатаж байсныг 12 цаг 30 минут ажиллаж 04.09-ний өдрийн 06:30 цагт бүрэн унтрааж тус уурхайн ерөнхий инженерт хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт өнжмөл шар өвс шатаж гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:47 цагт очиход иргэн Т-гийн 500 м2 хэмжээтэй хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:21 цагт очиход иргэн Д-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:27 цагт очиход иргэн Б-гийн хашаанд 0.5 га орчим газарт хөрсний өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Адаацаг сумын Дэрт багийн “Дэрт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ 2 айлын 4 ханатай 2 гэр, автомашины хамт 04.08-ны өдрийн 13:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 14:24 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 13:40 цагт очиход малчин Б-гийн “Верна” загварын суудлын автомашин, 4 ханатай гэр, А-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:14 цагт очиход иргэн Я-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Тугалын хонд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 6 км, сумын төвөөс баруун урд зүгт 6 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:04 цагт очиж малчин Б-гийн малын саравчин дээр хураалттай 18 боодол /0.3 тн/ өвс шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 17:10 цагт очиход иргэн Э-гийн хашаанд 10 боодол /0.2 тонн/ өвс, 2 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:15 цагт очиход иргэн Б-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартаж хацар болон 2 гар тохой хүртэл түлэгдсэн байсныг эсэн мэнд гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:33 цагт очиход иргэн Х-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын автобусны хойд талд “Сити шоп” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 01:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:28 цагт очиход иргэн А-гийн 5х8 метрийн хэмжээтэй “Сити шоп 94” хүнсний дэлгүүрийн лангуу шатаж байсныг 10 минут ажилаж унтраасан.
Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Отрийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 330 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 06:21 цагт очиход малчин Э-гийн өвөлжөө шатаж байгааг унтраахаар ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанбулаг” хилийн зурвас /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 11:24 цагт очиж 1 га орчим газар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраан Хилийн цэргийн харуулын даргад хүлээлгэн өгсөн. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид, Алтанбулаг гаалийн газрын ажилтнууд ажилласан.
Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Зараа толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 20 км хулс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус сумын Цагаанбулан багийн Засаг даргаар ахлуулсан хүмүүс 10 га орчим газар хулс, хээрийн талбай шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж 20:00 цагт бүрэн унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр буудлын “Сансар” дэлгүүрийн хойд талд баригдаж байгаа барилгын өргөгч кран дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:01 цагт очиход Арцатын 4 дүгээр гудамж “Андын зам” ХХК-ийн баригдаж байгаа 16 давхар барилгын дэргэд өргөгч кран дээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Г /40 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ амиа хорлох зорилгоор гарсан байсныг 36 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум (Хөвсгөл)-ын Дэлгэрхаан багийн “Хөвийн гол” гэдэг газар /Хөвсгөл аймгийн төвөөс баруун зүгт 270 км, Цэцэрлэг сумаас баруун зүгт 60 км, Завхан аймгийн төвөөс баруун хойд зүгт 360 км, Баянтэс сумаас хойд зүгт 70 км/ бага оврын ачааны автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд 23:10 цагт, Асгат сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 02:00 цагт очиход иргэн П-гийн “Ниссан ваннет” загварын бага оврын ачааны автомашин “Хөв”-ийн голын мөс цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж 04.09-ний өдрийн 02:30 цагт автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР