1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Ганц модны-Ам” гэдэг газар өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 17:28 цагт очиход 5 га орчим өнжмөл шар өвс шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант 2 дугаар багийн “Чидан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 128 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/ малчин М-ийн байшин, гарааш 08:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин М-ийн 4х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 2 цаг ажиллаж 10:30 цагт унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн.
Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн “Шанзат гуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 188 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км/ бууц шатаж байна гэсэн мэдээллийг 04.12-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажилтнууд, орон нутгийн иргэд малчин М-ийн малын бууц, 2 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг 2 цаг 43 минут ажиллаж 17:43 цагт унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлогч мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн Ганзам гудамжны 130 дугаар байрны гадна амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:26 цагт очиход иргэн И-гийн 6х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 16.5 км замыг туулан 23:49 цагт очиход иргэн Ц-гийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр, 6х5 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /42 настай, эмэгтэй/ баруун хөлний шилбэний хэсэг зүсэгдсэн байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 134 км замыг туулан 14:56 цагт очиж “Портер” загварын автомашинтай иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Сэлэнгэ” гол, “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл 8 км-т усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:49 цагт түр зогсоосон. 04.13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ. Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс тус тус ажилласан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Төгрөгийн магнай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км/ 04.12-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин Э, Т, Н нар нь мотоцикльтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс 04.12-ны өдрийн 20:30 цагаас эхлэн малчин Э /60 настай, эрэгтэй/, Т /40 настай, эмэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:15 цагт Үйзэн багийн “Төгрөгийн магнай” гэдэг газраас баруун зүгт 10 км-т “Овоот толгойт” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Зэлийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км/ малчин Э нь 04.12-ны өдрийн 11:00 цагийн үед мотоцикльтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуулагыг 04.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 04.12-ны өдрийн 20:50 цагаас эхлэн малчин Э /57 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:18 цагт тус багийн “Зэлийн-Ус” гэдэг газраас баруун хойд зүгт 6 км-т “Энгэрийн-Ар” гэдэг газар малчин М-ийнд байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР