Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баруун аймгийн нутгийн баруун хэсгээр, говийн аймгийн нутгийн хойд, зүүн хэсгээр, зүүн аймгийн нутгийн баруун, баруун өмнөд хэсгээр, төвийн аймгийн нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурсан. 

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с, 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-ны өдөр төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 16-ны өдөр Арц богдын өвөр хоолойгоор, 17-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 17-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэрНийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 30 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.0 км замыг туулан 16:05 цагт очиход тус байрны хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Голын 2 дугаар гудамжны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 00:42 цагт очиход иргэн Д-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.           

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 5 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:26 цагт очиход иргэн Б-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонБулган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

04.13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эрэн хайх ажиллагааг тус сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар 200 метрийн радиуст, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас “Номт” гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 04.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт 04.13-ны өдрийн 13:00 цагийн орчим бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 04.14-ний өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд А /10 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 02:56 цагаас зохион байгуулах явцад 04.14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн үйлчлэгч Ц ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, тухайн хүүхэд 04.13-ны өдрийн 19:00 цагийн орчим Галуут суманд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. (Тухайн хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байсан байна. Эрдэнэцогт сум дахь гэр рүүгээ явах гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байна.)

Цас, шаварт суусан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Хустайн даваа” гэдэг газарт 04.13-ны өдрийн 05:00 цагаас тус аймгийн нутгаар нойтон цас орсны улмаас “Хустайн даваа” гэдэг газар ачааны автомашинууд даваа давах боломжгүй саатсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, зам засварын “Чайна гео-Инженеринг” ХХК, “Шанхай констракшн” ХХК-ийн ажилтнууд “Хустайн даваа”-ны автозамын зорчих хэсгийг 20:15 цагт хэвийн болгож, саатсан 54 тир ачааны автомашинуудын хөдөлгөөнийг хэвийн явуулсан.

Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ Улаангом сумаас Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 20:23 цагт очиход А-гийн жолоодож явсан “Супергрет” загварын ачааны шаварт суусан байсныг 22:45 цагт татан гаргасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Суварга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 17 километр-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16 км замыг туулан 21:56 цагт очиход иргэн Т-гийн “Бонго пронтер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 22:05 цагт татан гаргасан.       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top