Аймгийн Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн “Орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг чадавхжуулах” зорилтын хүрээнд орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн оролцоотой гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Тактикийн сургуулийг Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “DG tower” гэх 16 давхар барилгад гурван үе шаттайгаар хийж, цагийн байдлын дагуу ажиллав.
Тодруулбал, оролцогчид Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны дадлага, нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрэмбэлэн ангилах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, мөн гамшгийн дараах болзошгүй үймээнээс сэргийлэн хэв журам сахиулах зэрэг сургалт, дадлагыг хийлээ.
Тус дадлага, сургуульд нийт 270 гаруй иргэн, 23 автомашин оролцсон гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.