Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд говийн бүс нутгийн баруун хэсэг, 17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 

2. Гал түймэр:

Объектын түймэрСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Салхит”-ын 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:25 цагт очиход иргэн Н-ийн хашаанд шар өвс шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 23:34 цагт очиход иргэн З-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 03:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:57 цагт очиход иргэн Б-гийн хашаа шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 03:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 04:02 цагт очиход иргэн Ц-гийн 5х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 04:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам 04:50 цагт очиход иргэн Д-гийн 2х4 метрийн хэмжээтэй, иргэн Б-гийн 2х5 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 04:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:00 цагт очиход иргэн О-гийн 30х45 метрийн хэмжээтэй “Нэв хаппи дэес” үйлчилгээний төвийн барилга шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэр нь Монгол Улсын хилийн 1509-1512 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт 500 орчим метрт тархан шатаж байна. 

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Шургац” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:10 цагт унтраасан бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс аврах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны иргэн А-гийн хүү Х /5 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж ээжид нь шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсонБулган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

04.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багаас малын тэжээл ачин Сэлэнгэ сумын чиглэлд “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас Сэлэнгэ сум хүртэл 25 км-т завиар, 2 дугаар бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас “Баруун булга” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:25 цагт түр зогсоосон. 04.15-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/ мал хариулж явсан 3 хүн (хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар) сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж малчин А-гийн туслах малчин Н /58 настай, эмэгтэй/, А /47 настай, эрэгтэй/, Н /25 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурсан.

Цас, шаварт суусан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Их-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 60 км зам туулан 09:37 цагт очиход Говьсүмбэр аймгаас Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн А-гийн “Пронтер” загварын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.    

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Гурван-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т/ бага оврын автобус цасанд суусан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан 20:55 цагт очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 27 зорчигчтой (23 хүүхэд) зорчиж явсан иргэн А-гийн “Коунту” загварын автобус цасанд суусан байсныг татан гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top