Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

DSC6684.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн төсвийн усны нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн удирдагч Др. Рабиндра Оститой уулзалт хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкнаас Европын Холбоо болон Дэлхийн банкны санхүүжилтээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2013 онд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд гамшигт үзэгдэл, хүн малын гоц халдварт өвчний мэдээллийн шинэ системийг Шинэ Зеланд Улсын Эписофт компанийн тусламжтайгаар боловсронгуй болгож, гамшигт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах боломжийг бүрдүүлэн, томуу өвчнийг эрт илрүүлж оношлох, хариу арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ажлууд хийгдсэн юм.

 Мөн Азийн хөгжлийн банкнаас Японы Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлж, олон нийтэд суурилсан гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө боловсруулах, гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх зорилго бүхий дэд бүтцийг барьж байгуулан, сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн менежментийн болон гамшгийн хор уршгийг арилгах чадавхыг бэхжүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулсан юм.

 Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад Азийн хөгжлийн банкны 2.0 сая ам.долларын санхүүжилт бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл” болон сая ам.долларын санхүүжилт бүхий “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-үүдийг тус тус хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top