Онцгой байдлын ерөнхий газраас Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-ын “Хэли-Юнион” группын гүйцэтгэх захирал Жонатан Коссонтой уулзалт хийлээ.
“Хэли-Юнион” группээс ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид эхний ээлжийн эхний Airbus EC-145 T-1 загварын 2 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэргийг нийлүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан нисгэгч бэлтгэх сургалт болон Францын Иргэний аюулгүй байдлын газартай хамтран зохион байгуулж байгаа агаараас аврах ажиллагааны сургалтууд явагдаж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байгааг уулзалтын үеэр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.