Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрЗавхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа хороо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ “Цагаан-Уул” үйлчилгээний төвийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 45 км замыг туулан 12:22 цагт очиход “Мөнх дээд бургас” ХХК-ийн “Цагаан-Уул” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт иргэн Ю-гийн 9х24 метрийн хэмжээтэй хүнсний лангуу шатаж байсныг 03:00 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Япон цэргийн цогцолборт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 09:47 цагт очиход иргэн Э-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Мухар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, Тахилгат тосгоноос хойд зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус багийн Тахилгат тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 25 км зам туулан 11:30 цагт очиход хогийн цэг шатсаны улмаас хээрийн 3 га талбай шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтрааж, малчин Б-д хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:37 цагт очиход иргэн Ч-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хана шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 67 дугаар ангийн алба хаагчид 01:32 цагт очиход 12х10 метрийн хэмжээтэй 1 давхар монсардтай байшин, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн 0132 дугаар ангийн Цагааннуурын заставын алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд 24:00 цаг ажиллан 15:30 цагт хээрийн түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн “Согоо цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Төмөр замын Баянтүмэн тасгийн ажилтнууд 12:55 цагт гарч, 170 км зам туулж 15:47 цагт очиж түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс эрэн хайх ажиллагааг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 300 метрт Сэлэнгэ мөрөнд тэмтрүүлээр самналт хийж,  “Харлагын голын-Адаг” гэдэг газраас “Баруун булаг” гэдэг газар хүртэл зүүн зүгт  10 км-т  голын эргээр явганаар самналт хийж ажиллахад үр дүнд хүрээгүй тул  ар гэрийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 22:00 цагт эрэн хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт тус сумаас Хүрмэн сумын чиглэлд 04.15-ны өдрийн 05:00 цагийн үед иргэн Ц “Мицубиши Пажеро” загварын суудлын автомашинтай /5 зорчигчтой/ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, 10:38 цагт Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 065 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12:12 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Бүйлсэн” гэдэг газраас эсэн мэнд олж, автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Баян-Овоо багийн “Задгай Жаргалант” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ малчин Л /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.13-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 30 км зам туулан 15:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 16:50 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т “Билүүт” гэдэг газар нутагладаг малчин Г-гийнд мотоцикл нь эвдэрч, засуулах гэж ирээд цасанд боогдсон байсныг эсэн мэнд олж хүү Г-д хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой багийн “Хөв” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ иргэн Э /60 настай, эрэгтэй/ 04.13-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 04.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Э /60 настай, эрэгтэй/-ийг тус сумын “Хөх толгой” багийн Хөв, Улаан худаг, Аман-Ус, Дөлийн гүүр, Ширхэг гэдэг газруудад автомашинаар 14 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад үр дүнд хүрээгүй тул 22:26 цагт түр зогсоосон. 04.16-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top