Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, аймгийн нутгаар цас, Баянхонгор, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар секундэд 14-16 метр, 24-нд зарим газраар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход 4×5 метр хэмжээтэй хогийн саванд хог шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36/А байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Шар чулууны булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 144 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/-т “Гахайн ферм” шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд очиход иргэн Ц-ийн 20х10 метрийн хэмжээтэй гахайн фермийн дээвэр, багана хэсэг /6 гахай/ шатаж байсныг бүрэн унтрааж иргэн Ц-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 10-360 тоот амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын хашаанд 5 га орчим газрын өнжмөл өвс, Хужирбулангийн 7 дугаар хэсгийн иргэн С-ын 2×3 метр хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 1 дүгээр хэсэг 136 тоот Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн А-ийн хашаанд өнжмөл өвс, хураалттай 3 м3 мод шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Өгөөмөр багийн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ийн 2х1 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эх гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн сумын төвд /аймгийн төвөөс урд зүгт 17 км/ 8х3.5 метрийн хэмжээтэй дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 17 км замыг туулан очиход иргэн Э-ийн баригдаж байсан дугуй засварын барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан 4 дүгээр багийн Хонгор-Овоогийн 1 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 03:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн У-ын 4 ханатай гэр шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан, гал түймрийг бүрэн унтраах ажиллаж байна.Хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригадын алба хаагчид 05:00 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдсэн. Түймэр унтраахад газар орны нөхцөл байдал, зам харгуй, шавар шалбааг бартаа ихтэй, өвсний өндөр дунджаар 70-80 см орчим, салхины дундаж хурд 12-16 м/сек байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар анги, Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 04.20-ны өдрийн 17:50 цагт цурманд оруулж, бүрэн унтраасан.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Шанаган” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 10:45 цагт /10:55 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг цурманд оруулж 04.20-ны өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн ‘’Хөшөөтийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 44 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явж байгаад “Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд унасан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн “Хөөрөг” гэдэг газрын чиглэлд иргэн Ш-ийн “Фургон” загварын автомашинаар зорчиж явсан иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явганаар явж байгаад Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. “Ширээ”-гийн голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т завиар урсаж 6 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 5 км голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоосон. 04.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Аянга:Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 93 км/ 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй тухай мэдээллийг өгсөн.

Хүчтэй салхи шуурга: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст 1 дүгээр багийн 4 дүгээр гудамжинд цэцэрлэгийн дээвэр 04.20-ны өдрийн 12:00 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас хууларсан тухай мэдээллийг 04.20-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгосон. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top