1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймгуудад шороогоор шуурсан. Дорнод, Завхан, Сэлэнгэ аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 76 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Өлзийт хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 23 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 23 км зам туулан очиход иргэн Т-ийн 15х7 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Цагаан хамрын дээд дашгай” гэдэг газар /Төв аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км-т, Багахангай дүүргээс хойд зүгт 31 км-т/бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 31 км зам туулан очиход иргэн Д-ийн малын бууц шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 64 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиж унтраасан. Утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Задгай” /Төв аймгаас зүүн хойд зүгт 83 км-т, Налайх дүүргээс зүүн зүгт 36 км-т/ Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 36 км зам туулан очиж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн 4 дүгээр гудамжинд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 00:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн Э-ийн хашаанд 1.5 метрийн өндөртэй 80 метрийн урт хураалттай аргал шатаж байсныг унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн “Шаварт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 31 км-т, У-46°19’48.0”Ө-93°09’36.0”/ 04.22-ны өдрийн 13:26 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:34 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Задгай” ачааны автомашин бетон хашаа мөргөж жолооч нь гэмтсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн Д-ийн жолоодож явсан “ND-1250” загварын өөрөө буулгагч автомашин “Эрэл цемент” ХХК-ийн бетон хашааг мөргөж Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Д /29 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.22-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүг зүгт Хялгантын гүүр гэдэг газар хүртэл 60 км-т, 2-6.5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 04.23-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
6. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
– Шороон шуурга: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Бурхант-ын “Задгай” Тус сумын нутгаар 04.22-ны өдрийн 19:45-20:10 цагийн хооронд салхины хүч 22 м/с хүрсний улмаас барилгын төмөр дээвэр хууларсан. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын спорт заалны төмөр дээвэр, гадна дулаалгын хөөсөнцөр, мөн Дархан дулаан ТӨХК-ийн дулаан хувиарлах байгууламжийн барилгын төмөр дээвэр хууларч тус компанийн ажилтан Д-ийн гэр дээр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР