Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 29, 30-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Д-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн О-ийн хашаанд болон гадна талд 2 га орчим газарт хөрсний шар өвс шатаж байсныг унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн Замчдын 6 дугаар гудамжинд хшаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.3 км замыг туулан очиход иргэн С-ийн 10 метр хашаа, 1 тн өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгай жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Ж-ын хашаанд 0.7 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3/В-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул баг, “Хустайн арын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 8 км, сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн С-ын хашаанд 3 га талбайд шар өвс шатаж байсныг унтраасан.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Цагаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 360 км, сумын төвөөс баруун хойд зүгт 11 км-т/ Малчин Н-ын 6 ханатай гэр 04.27-ны өдрийн 17:30 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 18:05 цагт хүлээн авсан.   Тус багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиход малчин Н-ийн 5 ханатай гэр бүрэн шатсан байсан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 48 А байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, 5 метр хашаа шатаж байсныг унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, Ө-50°14’24.0” У-91°20’24.0”/ 04.27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 19:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Тэмээний бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т 04.25-ны өдрийн 20:00 цагийн орчимд 14-16 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин М-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 12:35 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ахлуулсан ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин М-ын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top