Живсэн хөлгийн оператор цаг агаар таагүй ч аяллаа цуцлаагүй

w850-2-810x500-1.jpg

Японы Хоккайдогийн эрэгт өнгөрсөн амралтын өдөр жуулчны завь живсэн хэрэг гарсан. Уг завины оператор хүний амь нас хохироосондоо өчигдөр /2022.04.27/ олон нийтээс уучлал гуйлаа. Тэрбээр цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан ногоон гэрэл асаах шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.

“Ширетоко Юрансен” компанийн ерөнхийлөгч Сэйичи Кацурада хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ “Ахмад далайн шуурга ширүүсвэл буцах шийдвэр гаргана гэсэн нөхцөлтэй байсан. Эргээд бодоход миний дүгнэлт буруу байжээ” гэсэн байна.

Кацурада болон живсэн хөлгийн ахмад 54 настай Нориюки Тойода нар хэрэг гарсан өглөө уулзжээ. Далайн нөхцөл байдал тайван байсан тул өглөөний 10 цагт аяллаа эхлүүлэхээр тохирцгоосон аж. Тэр өдөр оффисынх нь радио антенн эвдэрснийг Кацурада мэдэж байсан ч гар утас юм уу, операторын радиогоор холбогдож болно гэж үзээд, аяллаа цуцлаагүй гэлээ.

Хэвлэлийн бага хуралд хохирогчдын ар гэрийн 60 орчим хүн ирсэн. Хурлын өмнө Сэйичи Кацурада чичирсэн хоолойгоор уучлалт гуйж, хоёр удаа өвдөг дээрээ сөхрөн, духаа шаланд хүргэжээ. Хоёр цаг үргэлжилсэн хурлын үеэр мөн гурван ч удаа яг ийм байдлаар уучлалт гуйсан байна.

Гэтэл хохирогчдын нэгний аав хэлэхдээ “Хэрэг гарснаас хойш дөрөв хоногийн дараа уучлалт гуйлаа. Энэ нь зүгээр л шоуны зорилготой, одоо хэтэрхий оройтсон” гэж хэлжээ. Тус компанид ажиллаж байсан нэгэн далайчин мэдүүлэг өгөхдөө “Ноён Кацурада далай, завины талаар юу ч мэдэхгүй. Цаг агаар муу байсан ч борлуулалтын үүднээс тэр завиа явуулах тушаал өгдөг” гэв.

Мөрдөн байцаагчдын Лхагва гаригт өгсөн мэдээллээр 11 хүн амиа алдсан нь батлагдсан бөгөөд 15 хүн сураггүй алга болжээ. Тэднийг мөн усанд живсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. “Ширетоко Юрансен” компани ослын шалтгааныг тодруулах ажилд чадах чинээгээрээ тусалж буй бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдэв. Ослын үеэр завины оператор мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргасан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

scroll to top