Өнгөрсөн амралтын өдрүүдэд Иракийн хэд хэдэн хотод элсээр шуурсан байна. Тэнгэрийн хаяа улбар шар өнгөтэй болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул нислэгүүдийг цуцалжээ. Мөн 400 хүн амьсгалын замын эмгэгийн улмаас эмнэлэгт хандсан байна.
Иракийн зарим хэсэгт 500 метрээс цаадхыг харах боломжгүйд хүрчээ. Өнөөдөр ч элсээр дахин шуурах төлөвтэй байна.
Өнгөрсөн сард ч Иракт элсэн шуурга болж, олон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ. Тус улсын цаг уурын мэргэжилтнүүд цөлжилт, ган, бороо бага ордог болсон, хотуудад ногоон талбай бага байгаа нь элсэн шуургад нөлөөлж байна гэж үздэг.
Сүүлийн жилүүдэд Ойрх Дорнодод элсэн шуурганы давтамж нэмэгджээ. Уур амьсгалын өөрчлөлт, ус, газрын буруу ашиглалт үүнд нөлөөлсөн байна. 2016 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс 2026 он гэхэд Иракт жилд 300 орчим элсэн шуурга шуурахыг анхааруулж байжээ.
Эх сурвалж: BBC