50 цаг нурангинд дарагдсаны эцэст аврагджээ

61650309_101-810x500-1.jpg

Хятадын Хунан мужийн төв Чанша хотод Баасан гаригт барилга нурж, олон арван хүн нурангинд дарагджээ. Одоогоор 20 орчим хүн нурангинд дарагдсан хэвээр байгаа бол зургаан хүнийг аварсан байна. 50 цаг нурангин доор байсан зургаа дахь хүнийг өчигдөр /2022.05.01/ аварчээ. Хамгийн сүүлд аврагдсан хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал тогтвортой байгааг “CCTV” мэдээллээ.

Тус барилгын эзэн тэргүүтэй хэд хэдэн хүнийг уг ослын улмаас баривчлаад байна. Үүнд зураг төсөл хариуцсан гурав, барилга угсралтын ажлыг хариуцаж байсан таван хүн тус тус багтжээ.

Барилгын дөрөв болон зургадугаар давхарт аюулгүй байдлын үнэлгээг буруу хийсэн гэж үзэж байна. Ослын гэрэл зурагнаас харахад барилга хоёрдугаар давхар хүртлээ доош нуржээ.

“Xinhua” агентлагийн мэдээлснээр уг барилга нь найман давхар бөгөөд зочид буудал, орон сууц, кино театр бүхий цогцолбор юм.

Хунан дахь Шиангда компани уг барилгын аюулгүй байдлын тайланг хуурамчаар гаргасан байж болзошгүй гэв. Баривчлагдсан хүмүүсийн дунд тус компанийн хууль ёсны төлөөлөгч болон үнэлгээ өгсөн дөрвөн техникч багтаж байна. Аюулгүй байдлын үнэлгээг дөрөвдүгээр сарын 13-нд хийсэн гэв. Аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөөгүй, тэр дундаа хууль бусаар нэмэлт давхар барьснаас болж ийм осол гардаг ажээ.

Сүүлийн жилүүдэд дээрхтэй ижил төстэйгөөр барилга нурсан хэргүүд ихсэх болсон тул Ши Жиньпин дарга ямар нэгэн далд аюул байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: NBC NEWS

scroll to top