Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хэнтий, аймагт бороо, Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Баянголын 103 дугаар хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 07:43 цагт очиход иргэн У-ын 6×8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 6 дугаар хороо, Жаргалант цэцэрлэг хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:30 цагт очиход тус цэцэрлэгийн дэргэд хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 6 дугаар хороо, 38 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 10:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:47 цагт очиход тус байрны хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Ногоон зоорьны гудамжинд айлын хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 11:42 цагт очиход иргэн Л-гийн хашаанд 0.1 га газарт өнжмөл шар өвс, хураалттай мод шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, 10 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:22 цагт очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороо, Элит хаус хотхонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:15 цагт очиход тус хотхонд иргэн М-ын 15×15 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай, байшин шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Дундговь аймаг, Луус сум. Ханан хорооллын 3 дугаар гудамжны 3 тоот /аймгийн төвөөс баруун зүгт 70 км/-т иргэн Б-ын байшин 05.05-ны өдрийн 13:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 13:34 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажилтнууд 13:30 цагт очиход иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөө, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан 14:10 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Бага Баянгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 14:08 цагт очиход иргэн А-ийн 8×8 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшин шатаж байсныг 01:30 цаг, хүч нэмэгдүүлэн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 14:19 цагт очиж, 01:00 цаг ажиллан ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 15-8 тоот гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 14:27 цагт очиход иргэн А-ын 4 ханатай гэр, иргэн С-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр: Булган аймаг, Тэшиг сум. Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 20 дугаар анги, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид, сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтнууд, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, ойн түймрийг 05.03-ны өдрийн 15:50 цагт цурамд оруулж,  05.05-ны өдрийн 11:03 цагт бүрэн унтрааж, Тэшиг сумын Ойн ангийн даргад хүлээлгэн өгсөн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

05.05-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг явуулж, Харлагын голын -Адаг” гэдэг газраас 2 км-ийн зайд 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж ажиллахад үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.

Завхан аймаг, Шилүүстэй сум. Хөгжил багийн “Шорвог Нуур” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Завхан аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан автомашинтай 3 хүн төөрч, автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 22:45 цагт очиход “ЛАНД-300” загварын автомашинтай зорчигчид төөрч, Шорвог нуурын эхэнд намагт сууж татаж гаргах боломжгүй байсан тул тухайн хүүмүүсийг сум руу шилжүүлж, автомашиныг 05.06-ны өдөр татан гаргахаар болсон талаарх мэдээллийг хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top