Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон бөгөөд Баянхонгор аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

 Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Найрамдал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Малын хашаа шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Т-ын малын 24х8 метрийн хэмжээтэй хашаа 05.08-ны өдрийн 08:00 шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Соёмбо хорооллын “Задгай” Сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн О-ын 9х2.5 метрийн хэмжээтэй сендвичен барилга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Хүйтний хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 60 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “УАЗ-фургон 220695” загварын автомашин бүрэн шатсан байсан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 2 дугаар гудамжны “Задгай” Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход шар өв шатсаны улмаас эзэнгүй 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 45 дугаар гудамжны “Задгай” өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлий Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Цагаан хөтөл” гэдэг газар байшин, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 48 км зам туулан очиход Төв иргэн Х-ийн 23×9 метрийн хэмжээтэй өвөлжөө, 4×7 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн-Ам”-нд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан очиж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” /Шамбала хотхоны зүүн талд/өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан очиж 40 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс урд зүгт 140 км-т/  2 гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Иргэн С, О нарын 2 гэр 17:20 цагт шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 17:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Дүүрэг”-ийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн Р-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” /Баянхошуу уулын бэлд/ өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 19:45 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Н-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан очиход иргэн Б-ын хашаа шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 68 км зам туулан очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Э-ын охин А /6 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.  

Усны осолХөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ Дэлгэрмөрөн гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б/54 настай, эрэгтэй/-ийг 05.08-ны өдрийн 08:45 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг  Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхэт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 05.09-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Ахуйн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгон  Ногооны зооринд 1 хүн нас барсан цогцсыг гаргах тухай хүсэлтийг 05.08-ны өдрийн 13:49 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 42.5 км зам туулан очиход тус хорооны харьяат иргэн А /39 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. 

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн “Задгай” /сумын төв/ Тус сумын нутгаар 05.08-ны өдрийн 14:30-15:00 цагийн хооронд салхины хурд 23 м/с хүрсний улмаас тус сумын Соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top