Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо болон нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан, Эг Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10, 11-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-ний өдөр ихэнх нутгаар, 10, 11-ний өдөр Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикын 7 дугаар хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 14:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Г-ын 8х5 метрийн хэмжээтэй гарааш, “Бонго” загварын ачааны автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн Сухайн 1 дүгээр гудамжинд 05.07-ны өдрийн 16:00 цагийн орчим 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Иргэн Н-ийн 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.        

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн Булгийн 1 дүгээр хэсгийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход иргэн С, Э, Д нарын 8х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 цаг 40 минут ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 6, 8 ханатай гэр болон 3х17 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усны осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэрмөрөн” гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.07-ны өдрийн 09:10 цагаас эхлэн Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Хүүшийн булан гэдэг газар хүртэл 12 км-т завиар урсаж, 2-6 метрийн гүнд 19 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 05.08-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлнэ.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 53/Б дүгээр байранд хаалгыг онгойлгож (гэмт хэрэг гарсан байж болзошгүй) өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.08-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчийн зөвшөөрлөөр тус тоотын хаалгыг задаргааны багаж ашиглан онгойлгож, (дотор нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 4 хүн байсан) хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top