Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудын нутгаар цас, Дорнод, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно. Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 13-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, Бэлхийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:14 цагт очиход иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Хүнс трейдийн гудамжинд зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 15:32 цагт очиход тус компаний хашаанд 3х4 метрийн хэмжээтэй зөөврийн сууцны дотор тал шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Булган аймаг, Бүрэгхангай сум. Дулаанхаан баг, Жинстийн Б-ийн 05 тоот /аймгийн төвөөс урд зүгт 53 км-т/ байшин шатаж байна гэсэн мэдээллийг 05.09-ний  өдрийн 17:10 цагт /17:24 цагт/ хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан нутгийн иргэдийг очиход иргэн Б-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшин, 2×5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 03:50 цаг ажиллан унтраасан.

Дундговь аймаг, Цагаандэлгэр сум. Хараат багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ 5 ханатай гэр шатсан тухай  мэдээллийг тус багийн Засаг дарга 05.09-ний өдрийн 17:45 цагт өгсөн.

Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 17 км замыг туулан 17:30 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатсан байсан. Уг гал түймэрт иргэн А /6 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан.

Сүхбаатар аймаг, Наран сум. Тосонгийн гол баг, “Овоо наран” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 244 км, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:40 цагт /13:59 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онгон сумын хилийн 0184 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Т-ын 1 тонн аргал хөрзөн шатаж байсныг 06:00 цаг ажиллан бүрэн унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 2 дугаар хороо, 9 дүгээр байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 23:57 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Ц-ийн 2 өрөө байрны зочны өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэрмөрөн” гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газраас зүүн зүгт 600 метрийн зайд 12 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг тус гүүрнээс “Ногоон булаг” гэдэг газар хүртэл 16 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 05.10-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Бусад: Дундговь аймаг, Мандалговь сум. Иргэн Д /52 настай, эрэгтэй/ 05.05-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 05.09-ний өдрийн 15:37 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ 05.09-ний өдрийн 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, иргэн Б.Дарханбаатар /52 настай, эрэгтэй/-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга:Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт баг, 10 дугаар гудамжны задгайд 05.08-ны өдрийн 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, 1 байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 05.09-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч 294 тоотод оршин суугч иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмөлж, мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top