“ХААН ШОНХОР-2022” ДАДЛАГА СУРГУУЛИЙГ АНХ УДАА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛНА

v898yk_dsc_0157_x974.jpg

Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн  нэгдсэн дадлага сургуулийг 2022 оны тавдугаар сарын 09-13-ны хооронд анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулах гэж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 2341, 2396 дугаар тогтоолуудад улс орнуудыг хүн ам олноор цугларсан газарт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хамгаалах, мөрдөн шалгах, террорист халдлага үйлдэгдсэн тохиолдолд хор уршгийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай гэж уриалсан. Үүнтэй  холбогдуулан НҮБ-ын Терроризмтой Тэмцэх Албанаас хүн ам олноор төвлөрсөн газруудын эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тиймээс энэ удаагийн “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургууль нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын тушаалаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны заавар зэрэг баримт бичиг тус тус батлагдсан байдаг.

2022 оны нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой Тэмцэх Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс нь хэдийгээр терроризмын аюул заналын хувьд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч терроризмын аюул занал, эрсдэлд бэлэн байдлаа хангах чадамжийг тогтмол бэхжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх учиртай юм. Монгол Улс нь 2022 оны байдлаар олон улсын терроризмтой тэмцэх 19 олон улсын бичиг баримтын 13 бичиг баримтад нэгдэж орсон байдаг.

Бусад улс орнуудын энэ төрлийн дадлага сургуулийн бичлэгээс: 

Сингапур Улс

Хонг Конг

ИБУИНХУ

scroll to top