1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-ны өдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19, 20-ны өдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн 8 дугаар байранд цонх шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Д-ийн цонх болон байрны хойд талд хураалгаатай төмөр замын хуучин дэр мод шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, Ж /8 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн О-ийн 4×4 метрийн хэмжээтэй гахайн байр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 19 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход тус тоотод иргэн Б-ийн хашаанд 0.4 га орчим талбайд өнжмөл шар өвс, иргэн О-ын хашаанд хураалгаатай төмөр замын хуучин дэр мод, иргэн Г-ын 5 метр орчим урттай хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн М-ийн 21 метр орчим урттай хашаа, 0.6 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 25 дугаар байрны 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 30 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Хорхойт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 210 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Өндөрхангай сумын мэргэжлийнхэн, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 22:05 цагт унтраасан бөгөөд цурмыг манаж хоносон.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ Бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 05.16-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР