Э.Энх-амгалан: Ажил, амьдралдаа туршлага хуримтлуулах томоохон боломж гэж ойлгодог

102399914_301173747552047_8664748272010955466_n.jpg

     “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгаланг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2006 оноос хойш 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагч, хөдөлмөр хамгаалал, хорт хий утааны асуудал хариуцсан мэргэжилтэн, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төв 101,105-д Шуурхай удирдлагын ахлах зохицуулагч, БЗД-ийн Онцгой байдлын хэлтэст Гал түймрийн улсын хяналтын байцаагч, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2019 оноос ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт Гал унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, 2021 оноос ахлах мэргэжилтнаар ажиллаж байна.

-Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

 Цэнхэр өнгөтэй. Энэ өнгө нь үргэлж мөнх, үнэн бат тогтвортой байхын бэлгэдэл. Мөн шударга зөөлөн, тайван өнгө учраас.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

 Эх хүн хүүхдээ төрүүлээд эхийн цагаан сүүгээ амтлуулах тэр мэдрэмж ямар байдаг бол гэж боддог. Энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмж тэр байх …

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

   Арван жилийн сургуулиа 2006 онд төгссөн. Төгсөөд  ээжийнхээ ажлыг үргэлжүүлж, тухайн үеийн Төмөр замын дээд сургууль /одоогийн Тээврийн дээд сургууль/-д суралцах мөрөөдөлтэй байлаа. Харин манай ээжийн дүү Цагдаагийн академид орж, Онцгой байдлын чиглэлээр суралцах санал тавьснаар мөрөөдлийн өнгө өөрчлөгдөж, гэр бүлийнхнээсээ ганцаараа цэргийн хүн болсон.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?

Ажил, амьдралдаа туршлага хуримтлуулах томоохон боломж гэж ойлгодог. Нөгөө талаас өөрийгөө ямар хэмжээнд байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах гээд олон давуу талуудыг олж харж болно шүү дээ.

-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

 Хоёулаа. Ямар үед магтуулж байна, ямар үед шүүмжлүүлж байна вэ гэдгээс бас шалтгаална. Мөн хэн магтаж байгаагаас хүртэл хамаарах байх. Тийм болохоор хоёуланг нь дэнсэлж  хүлээж авах хэрэгтэй гэж боддог. Зөв цагтаа шүүмжлүүлсэн шүүмж, хэрэгтэй үедээ магтуулсан магтаал аль, аль нь хүнд ташуур болдог.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

 Хүн бүрт өөр, өөрийн хувь тавилан, аз жаргал байдаг учраас харилцан адилгүй.   Гэр бүл, ажил алба, хамт олон, эх орон минь миний аз жаргал.

-Таны бахархал?

Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Тэднийхээ хүсэл, мөрөөдлийг дэмждэг сайн аав байхын төлөө хичээж байна.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

 Бусдын л адил ээж, аавын хүү, хань, үрсийнхээ аав нь. Эх орныхоо иргэн нь шүү дээ. Тийм болохоор өөртөө оноогдсон ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлдэг байхыг л хичээдэг.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top